ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК МОНГОЛ УЛСЫН ОЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд нар Европын хөрөнгө оруулалтын банкны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга Эндрю Макдауэл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар байгаль орчин, ногоон шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг ойрын хугацаанд бодит ажил болгохоор харилцан тохиролцов.
Монгол Улс болон Европын Холбоо хооронд байгуулсан Ойн түншлэлийг хэрэгжүүлэгч нарын оролцоотой Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурлын үеэр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа баталгаажуулах хэлэлцээрийг байгуулахаар санал нэгдлээ.
Европын хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын ойн тогтвортой менежментийг нийгэм эдийн засгийн уялдаатайгаар өртгийн сүлжээнд нэгтгэхэд чиглэсэн төр хувийн хэвшлийн түншлэлд суурилсан төслүүдийг санхүүжүүлэхээ албан ёсоор илэрхийллээ.