Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дулаарах, цаг агаарын хэв маяг өөрчлөгдөх үзэгдэл бөгөөд хүн болон байгаль орчинд ноцтой нөлөө үзүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх түгээмэл асуултуудыг, мөн эдгээр асуултын хариултыг хүргэж байна. 

1. Уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ

Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь дэлхийн дундаж температур болон цаг агаар урт хугацаанд өөрчлөгдөж байгаа үзэгдэл бөгөөд сүүлийн 100 жилд дэлхий хурдан дулаарч байна. Жишээлбэл, 2024 он дэлхийн хамгийн дулаан жил болж, дэлхийн температур дундаж үеэс 1.5°C-аар давсан байна.

2. Юу хамгийн их нөлөөлж байна вэ

Хүн төрөлхтөний хэрэглээ,  өөрөөр хэлбэл үйлдвэрлэл, тээвэр болон гэр ахуйн түлш шаталт, ялангуяа нүүрс, нефть, байгалийн хий зэрэг түлшний өргөн хэрэглээ агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулж, дулааныг барьж дэлхий дулаарах шалтгаан болдог. Тухайлбал, аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээс хойш агаар дахь CO2-ийн хэмжээ 50 хувиар нэмэгдэж, сүүлийн үеийн түүхэн дээд түвшинд хүрсэн нь дэлхийн дулааралд шууд нөлөөлж байна.

3. Ямар үр дагавар гарч байна вэ

Уур амьсгалын өөрчлөлт нь өнөөдөр олон сөрөг үр дагавар үзүүлж байгаа бөгөөд үүнд хэт халах, аадар бороо орох, мөс болон мөсөн бүрхүүл хурдан хайлах, далайн түвшин нэмэгдэх, мөн далайн дулаан нь шуурга үүсэхэд нөлөөлж байна. Ингэснээр дэлхий даяар цаг агаарын онц үзэгдэл, байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, энэ нь хүн, амьтан, экологид ноцтой үр дагавар үзүүлж буй.

4. 1.5°C-ийн хязгаар яагаад чухал вэ?

Дэлхийн дулаарал 1.5°C-аас хэтрэх үед хүн ам болон байгаль орчинд ноцтой үр дагавар үзүүлнэ. Хэрвээ дулаарал 2°C-аас дээш нэмэгдвэл илүү хэт халах, далайн түвшин өсөх, хүнс хомсдох, халдварт өвчин тархах, мөн амьтан, ургамал устах зэрэг үр дагавар илүү ноцтой болно. 

5. Хэн хамгийн их хохирох вэ

Дэлхий даяар 3.3–3.6 тэрбум хүн уур амьсгалын өөрчлөлтөд өртөх өндөр эрсдэлтэй бүсэд амьдарч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, үр дагаварт эдгээр бүсийн иргэд, тэр дундаа буурай болон хөгжиж буй орнууд хамгийн их хохирол амсах эрсдэлтэй гэсэн судалгаа бий. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар дэлхий даяар дам нөлөө үзүүлж, хүнсний хомсдол, үнийн өсөлт зэргээр хүн төрөлхтөнд нөлөөлнө. 

6. Бид юу хийж чадах вэ 

CO2 ялгарлыг тэглэх (Net Zero) зорилт нь дулаарлыг хязгаарлахад зайлшгүй шаардлагатай бөгөөд олон улс үүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ч одоогоор ялгарал өндөр хэвээр байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зорилгоор сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийг хөгжүүлэхэд ахиц гарч байна. Харин иргэд бид өдөр тутмын амьдралдаа онгоцоор аялахаа багасгах, эрчим хүчний хэрэглээг хянах, гэрээ дулаалах, цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах, машингүй амьдрах зэрэг алхмуудыг хийснээр уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахад хувь нэмэр оруулж чадна.

Эх сурвалж: BBC