UNEA-7 ГЭЖ ЮУ ВЭ
UNEA-7 буюу НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн 7 дугаар чуулган. НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн 7 дугаар чуулган хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд дэлхий нийтээр тулгараад буй байгаль орчны сорилтуудыг авч хэлэлцэн шийдвэр гаргаж Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг өндөр, дээд түвшний уулзалт юм.
Энэ өдрүүдэд улс орнуудын төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуй нэгжүүд, эрдэмтэн судлаачдын оролцоотой 4,000 төлөөлөгчид Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо чуулж байгаль орчин болон салбар дундын зохицуулалттай шийдлүүдээр тогтвортой хөгжлийг цогцлоох замын зургаа гаргаж байна.
Сонирхуулахад, Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны анхдугаар Ассамблейг 2014-2016 онд даргалж байсан. Тус онуудад батлагдсан үйл ажиллагааны хөтөлбөр болон санхүү, төсвийн хэрэгжилтэд хяналт тавих, тус Ассамблейн Товчооны хуралдаануудыг удирдах, зөвшилцөх, яриа хэлэлцээ, уялдаа холбоог зохицуулах, нарийн бичгийн дарга нарын газрын дэмжлэгтэйгээр бүс нутаг ба улс төрийн бүлэглэл хоорондын яриа хэлэлцээ, уялдаа холбоог зохицуулах, улс төрийн ба бодлогын шинж чанартай хэлэлцээрийг удирдах, хөтөлбөрийг төлөөлж олон улсын хурал, зөвлөгөөнд оролцох зэрэг үүрэг хүлээж байв.
Энэ удаагийн Ассамблейг Оманы Султант улсын Байгаль орчны сайд Абдуллах бин Али Ал Амри даргалж байна.