Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна. Томилолтын хүрээнд өнөөдөр (2026.01.22) БНХАУ-ын Ой, бэлчээрийн улсын агентлагийн дэд дарга Тан Линфан болон холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд сайд Б.Батбаатар Монгол Улс ногоон бонд, нүүрстөрөгчийн зах зээл, тогтвортой хөрөнгө оруулалтын сангуудыг хөгжүүлэх замаар байгаль орчин, уур амьсгалын бодлогыг дэмжих шинэ төрлийн санхүүжилтийн урсгалыг бий болгохоор ажиллаж байгаагаа онцлов. Энэ хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа.
Мөн Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, уг хурлыг амжилттай зохион байгуулахад байр, байгууламж, логистикийн бэлэн байдлыг хангах асуудал чухал байгааг тэмдэглэн, энэ чиглэлд бодит шийдлүүдийг шат дараатай хэрэгжүүлж байгаагаа дурдав.
Уулзалтын үеэр талууд байгаль орчны чиглэлд хамтарсан сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хоёр талын хэрэгцээ, шаардлагад үндэслэн хэрэгжүүлэх, инновацын форум зохион байгуулах, дадлага, техникийн туслалцаа үзүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Энэ хүрээнд,
Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг суман дахь Тужийн нарс байгалийн цогцолборт газар дахь түймрийн цамхагийн төслийг эхлүүлэх;
Монгол–Хятадын хамтарсан Цөлжилт судалгааны төвийн барилгын ажлыг эрчимжүүлэх;
БНХАУ-ын Ой, бэлчээрийн агентлагтай хамтран Олон улсын бэлчээрийн өдрийг зохион байгуулах;
COP17-ын бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын инноваци, сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.
Эдгээр арга хэмжээ нь Монгол, Хятадын хамтын ажиллагааг тодорхой чиглэл, бодит төслүүдээр бэхжүүлэх, COP17-ын бэлтгэлийг туршлага, инновац, техникийн шийдлээр дэмжих боломжийг бүрдүүлж байна.
Мөн ой, бэлчээр, цөлжилттэй тэмцэх чиглэлд урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах суурь нөхцөлийг бий болгох юм.
2017 онд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотод зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 13 дугаар бага хурал (COP13)-ыг амжилттай зохион байгуулсан туршлагад тулгуурлан, олон улсын хэмжээний арга хэмжээ зохион байгуулах байр, байгууламж, логистик, оролцогчдын урсгал, орон нутгийн оролцоог хангасан зохион байгуулалтын загварыг газар дээр нь судлах боломжтойг уулзалтын үеэр агентлагын удирдлагууд онцолж байв.