Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 184 дүгээр тогтоол, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 12 дугаар 31-ний өдрийн А/955 дугаар тушаалаар батлагдсан “Салбарын хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө” болон “Төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт”-ын хүрээнд 2026 онд хэрэгжүүлэх хяналт шалгалтын зохион байгуулалт, анхаарах асуудлаар аймаг, нийслэлийн улсын (ахлах) байцаагч нарт чиглэл өгөх цахим уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад 21 аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын 71 улсын байцаагч хамрагдаж, 2026 онд улсын хэмжээнд хийгдэх салбарын хяналт шалгалтын бодлого, зохион байгуулалт, анхаарах асуудлаар нэгдсэн чиглэл, мэдээлэл авлаа. Мөн зарим төрлийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хяналтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх талаар Улсын ерөнхий байцаагч тодорхой чиглэл өглөө.

Цахим уулзалтаар хяналт шалгалтын үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах чиглэлийн хяналтыг нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийн үр дагаврыг бүрэн арилгуулах, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг тогтмолжуулах, хариуцлагын хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

✅️2025 ОНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮН

Улсын хэмжээнд 2025 онд байгаль орчны чиглэлээр 12,749 объектод хяналт шалгалт хийж, давхардсан тоогоор нийт 9,381 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Үүнээс:

• 6,806 зөрчил буюу 72 хувь-ийг арилгуулж,

• 44 зөрчлийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр Цагдаагийн байгууллагад шилжүүлэн,

• 1,449 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

• 389 зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Зөрчил гаргасан 1,857 иргэн, аж ахуйн нэгжид нийт 1.69 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, мөн 630 иргэн, аж ахуйн нэгжид 4.41 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан байна. Түүнчлэн 1,934 албан бичиг, 584 өргөдөл, гомдол хүлээн авч, 82 хувийн биелэлттэйгээр шийдвэрлэн хариу өгчээ.

✅️ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛИЙН ӨСӨЛТ, ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2025 онд:

• Агаарын чанарын хяналт 75 хувь,

• Химийн бодисын хяналт 47 хувь,

• Ойн нөөц ашиглалтын хяналт 33 хувь,

• Хөрсний хяналт 28 хувь,

• Аюултай хог хаягдлын хяналт 11 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Хяналт шалгалтад хамрагдсан объектуудын хууль тогтоомжийн хэрэгжилт дунджаар 79.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

✅️САЙН ТУРШЛАГА, ЦААШДЫН ЧИГЛЭЛ

Хяналт шалгалтыг бүрэн гүйцэд, үр дүнтэй хэрэгжүүлсэн байгууллага, орон нутгаар Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Өвөрхангай аймаг, Нийслэлийн Байгаль орчны газар тэргүүлсэн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлсэн байдлаар Нийслэл, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий аймгууд онцлогдлоо.

Энэхүү уулзалт нь байгаль орчны хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, зөвлөн туслах хэлбэрээр хэрэгжүүлэх бодлогыг улсын хэмжээнд жигд хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Цаашид байгаль орчны хяналт шалгалтыг төр, олон нийтийн оролцоонд тулгуурлан, ил тод, нээлттэй байдлыг хангаж, иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэлбэрээр зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана.