Хүн төрөлхтөний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулшгүй эрдэнэ бол ус билээ. Усыг химийн аргаар гарган авах боломжгүй, мөн хүн усгүйгээр амьдрах оршин тогтнох боломжгүй. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, аж үйлдвэржилт зэрэг олон шалтгааны улмаас ус хомсдож, энэ дэлхий нийтийг зовниулж буй асуудал болж байна. Усны хомсдолын тухай таны мэдэх ёстой 5 баримтыг бид хүргэж байна. 

  • Дэлхийн гадаргын 70-75 хувийг усан бүрхүүл эзэлдэг ч үүний НЭГ хувь нь л цэвэр ус байдаг. Манай дэлхий дээрх нийт усны 97 хувийг далай, тэнгисийн буюу унданд хэрэглэх боломжгүй шорвог ус эзэлдэг бол хоёр хувийг нь хойд болон өмнөд туйлын ус эзэлнэ.
  • UNESCO-гоос 2023 онд гаргасан “World Water Development Report”-ын мэдээллээр, дэлхийн хүн амын 2 тэрбум орчим хүн нь ундандаа цэвэр, аюулгүй ус хэрэглэж чадахгүй байна. Мөн 3.6 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 46% нь усаа аюулгүйгээр ариутгах,  ундны усны хэрэглээгээ зохистой удирдах боломжгүй нөхцөлд амьдардаг.
  • Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал усны эх үүсвэрт том нөлөө үзүүлж байгаа бөгөөд үүнээс үүдэн гол мөрнүүдийн урсгал татарч, зарим бүсэд голын урсгал тасрах, нөөц багасах аюул нүүрлээд байна. 
  • АНУ-ын зарим хотод цэвэр усны хангамж багассаар байгаа бөгөөд өдөрт ердөө 3 цаг ус ирдэг болжээ. Тухайлбал, Орме хотод  ус бүрмөсөн тасарч, цистернээр зөөвөрлөдөг болж,  ус ирсэнгурван цагийн дотор хүмүүс амжиж усанд орж, аяга тавгаа угааж, угаалгын машинаа ажиллуулдаг. 
  • Дэлхий дээрх бүх өвчний 85% нь усаар дамждаг. Жил бүр усаар дамжсан өвчний улмаас 25 сая хүн нас бардаг бөгөөд цэвэр усны хомсдолоос болж нас барах, өвчлөх хүний тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байна.