Хөрсийг хамгаалах нь зөвхөн төр, компаниуд, байгууллагын үүрэг биш. Бид ч өдөр тутмынхаа дадал, жижиг алхмаар хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж чадна. Өдөр бүр нэмэгдсээр буй бохирдол, үүнийг дагасан олон асуудлыг шийдэхийн төлөө хийж чадах алхмуудыг хүргэж байна.
Хог, хаягдлаа зөв ангилж хаях
Ил задгай хаясан ахуйн болон үйлдвэрлэлийн хог хөрсний бохирдлын гол эх үүсвэрүүдийн нэг. Тиймээс бид ахуйн хог хаягдлаа ангилах буюу дахин боловсруулах, ялгах, аюултай хогоо тусад нь хаях дадлыг хэвшүүлснээр хөрсөнд шингэх хорт бодисыг үлэмж хэмжээгээр бууруулж болно.
Химийн бодисыг зөв хэрэглэх
Бордоо, пестицид зэрэг хөдөө аж ахуйн химийн бодисыг заасан тун, хэмжээнд хэрэглэх нь маш чухал. Хэтрүүлэн хэрэглэсэн химийн бодис хөрсөнд хуримтлагдаж, ундны ус болон хүнсний сүлжээгээр дамжин эрүүл мэндэд аюул учруулдаг.
Эрчим хүч, нөөцийг хэмнэх
Эрчим хүч, шатахуун, түүхий эдийг бага ашиглах тусам үйлдвэрлэлийн хаягдал, бохирдол багасдаг. Ногоон эрчим хүчийг дэмжих, илүү үр ашигтай цахилгаан хэрэгсэл хэрэглэх, тээврийн хэрэгслийн түлшний хэрэглээг бууруулах нь хөрсний бохирдлыг ч багасгадаг.
Нөхөн сэргээх
Хог цэвэрлэх, мод тарих, цэцэрлэгжүүлэх зэрэг үйл ажиллагаанд оролцох нь хөрсний үржил шимийг хамгаалах, хог хаягдлын хуримтлалыг багасгах бодит шийдэл юм. Байгаль орчны сайн дурын арга хэмжээнд оролцох нь иргэний хариуцлагыг нэмэгдүүлдэг.
Бодлого, хууль тогтоомжийг хэрэгжилтийг дэмжих
Хөрсийг хамгаалах хууль, стандартуудыг хэрэгжүүлэхэд иргэдийн дуу хоолой чухал. Байгаль орчны төлөө ажилладаг ТББ, санаачилгуудыг дэмжих, орон нутгийн удирдлагад санал гаргах, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох нь бодлогын түвшинд өөрчлөлт авчирдаг.