НҮБ-ын уур амьсгалын дээд хэмжээний чуулганы үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шинэ зорилтоо танилцууллаа. Тэд 2035 он гэхэд ялгарлыг оргил үеийн хэмжээнээс 7–10 хувиар бууруулахыг зорьж байна.
Хүлэмжийн нийт хийн 31 хувийг дангаараа ялгаруулдаг Хятад цаашид салхи, нарны эрчим хүч түлхүү ашиглах, байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих зэргээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар төлөвлөж байна.
Гэвч Хятадын 7–10 хувиар бууруулах амлалт маш хангалтгүй байна гэж мэргэжилтнүүд шүүмжилж буй. Үүнтэй харьцуулахад Европын холбоо нүүрсхүчлийн хийн ялгарлыг 66–72 хувь хүртэл бууруулах зорилттой байгаа юм. Байгаль орчны шинжээч Жэйк Шмидт “Эдгээр амлалт, зорилтууд зөв чиглэл рүү хандсан ч эрсдэлээс биднийг бүрэн хамгаалахгүй. Ган гачиг, үер зэрэг байгалийн гамшиг нэмэгдсээр байна” гэсэн байна.