Богдхан уул нь үндэсний төдийгүй дэлхийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газар хэмээн ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газрын сүлжээнд 1996 онд бүртгэж, 1997 онд гэрчилгээ олгосон.

Богдхан уулын дархан цаазат газар нь нийт 42271.24 га нутаг дэвсгэртэй.

• Хязгаарлалтын бүс: 12035.09 га

• Хамгаалалтын бүс: 23314.48 га

• Онгон бүс /А, Б/: 6921.66 га

Нийслэлийн өмнө дүнхийн хөшиглөх энэ уулыг 367 жилийн өмнө Нийслэл хүрээг байгуулсан үеэс эхлэн хайрлан хамгаалах ажил эхэлсэн түүхтэй. Дээр үед энэ уулыг Богд Дүнжингарав гэж нэрлэдэг байжээ. Богд хан уулыг хангарьдын шинжтэй гэх бөгөөд шивэр хар модон нөмрөгтэй, хаанаасаа ч харсан цэнхэр униар татан дүнхийн сүндэрлэнэ. Энэ уул Хэнтийн уулархаг нутгийн салбар бөгөөд ноён оргил цэцээ гүн 2257 метрт оршино.

Богд уул 34 амтай. Дархан цаазат талбай нь 40-өөд мянган га бөгөөд ар өвөргүй модтой, энгэрээрээ хар ногоон гацуур бүрхсэн байдаг нь сонирхолтой. 40-өөд жилийн өмнө энэ уулын модны нөөц хоёр живаа 9 сая гаруй шоо метр байснаас нас гүйцсэн мод бүх ойн 87 хувийг эзэлж байсан.

Богд уул нь эмийн ургамлаар нэн баян. Бамбай тарваган шийр, нохойн хошуу, хунчир, ганга, зээргэнэ, зодог, алирс, лантаз, алтангануур, тавилгана, тарна, үхрийн хэл, далантүрүү, царван, гоньд, жамъянмядаг, монгол туйплин, зэрэг эмийн төрөл бүрийн ургамал бий.

Уулын гуу жалга, ам хөндий дагаж тунгалаг цэнхэр гол горхи булаг шанд, рашаан ус жирэлзэн урсана. Ой мод, асга хад, нүх сүв бүрээр нь буга согоо, булга, шилүүс, үнэг, чоно, хярс, тарвага, жирх, үен, зүр, гур, үхэр огдой, алаг даага, хүдэр, гахай, хэрэм зэрэг есөн зүйлийн амьтад оршино. Жигүүртэн шувуудын арав гаруй төрөл бий. Боржин, асмалжин, хадан цагаан, занар, элсэн чулуу зэрэг гүний болон тунамал хурдсаас Богд уул тогтжээ.