Говийн бага дархан цаазат газар нь Монголын зүүн өмнөд говийн үндсэн хэв шинжийг төлөөлсөн, байгалийн унаган төрхөө сайтар хадгалсан, мөн дэлхийд ховордсон хулан, хар сүүлт зээрийн нэг үндсэн байршил нутаг. Эдгээр ховор амьтдыг хамгаалах зорилгоор 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан бөгөөд 1996 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан шалгууруудыг харгалзан узэж УИХ-ын 43 дугаар тогтоолоор дархан цаазат газраар баталсан.
Байршил: Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумдын өмнөд хэсгийн хилийн заагийн газар нутаг, Борзон, Заг сууж, Зээмэг, Галба, Хармагтайн говиудын зарим хэсгийг хамран оршдог.
Хэмжээ: Нийт 1839176 га талбай бүхий А болон Б гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Дархан цаазат газрын хэмжээгээр газар нутгийн 11.4 хувийг онгон бүс, 13.6 хувийг хамгаалалтын, 75.0 хувийг хязгаарлалтын бүс тус тус эзэлж байна.

