Говийн их дархан цаазат газар нь  хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртсөн, унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн говь цөлийн өвөрмөц экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд тив дэлхийн ач холбогдол бүхий онцгой газар юм.

Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох говийн баавгай буюу мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт зээр, аргаль, янгир зэрэг хөхтөн амьтад, мөн жороо тоодог, гангар хун, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтдын нутаг.  

Энэ бүсийг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтад авч Говийн их дархан цаазат газрыг анх байгуулсан бөгөөд дэлхий дахины ач холбогдлыг нь харгалзан 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-гийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ. 

Байршил: Говийн их дархан газар нь хоёр хэсэгтэй. 

А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр газрыг хамардаг.  Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндий энэ бүсэд бий. 

Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говь багтдаг. 

Хэмжээ: Говийн их дархан газрын нийт талбай 53117.3 ам километр буюу дэлхийн хамгийн их талбайтай дархан газрын нэг юм.

А хэсэг нь 45149 ам километр, Б хэсэг нь 7968 ам километр талбайг хамардаг.