Дорнод Монголын дархан цаазат газрыг харьцангуй унаган төрхөөрөө хадгалан үлдсэн хялганат хуурай хээрийн ландшафт болон цагаан зээрийн нутгийг хамгаалах зорилгоор 1992 онд Монгол улсын дархан цаазат газар болгосон. Энэхүү дархан цаазат газар  нь 2002 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн бөгөөд Монгол орны цагаан зээрийн 70 хувь нь идээшилж амьдардаг тал хээрийн иж бүрдлийг төлөөлөх газар юм.

Дорнод Монголын дархан цаазат газар нь тэгш тал газар ховортой, талын бэсрэг нам уулс, ухаа толгод, гүвээ, тэдгээрийн хоорондох дэрст хоолой бүхий нутаг бөгөөд Вангийн цагаан уул, Утай таван уул, Дархан хулд уул, Сангийн далай нуур, Их бурхант хэмээн алдаршсан Жанрайсаг бурханы хөшөө, Ловх ноёны хүн чулуу зэрэг олон орон нутгийн тахилгатай уул овоод, байгаль, түүх, соёлын дурсгал байдаг. 

Байршил: Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутгийг хамардаг.

Хэмжээ: Мэнэнгийн тал, Лагийн хоолой орчмын 570374 га талбайг эзэлдэг.