Сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усны эрчим хүч энэ оны эхний хагаст нүүрсний хэрэглээг давж, дэлхийн цахилгааны хамгийн том эх үүсвэр болжээ. Тодруулбал, нарны эрчим хүч нь дэлхийн цахилгааны эх үүсвэрийн 83 хувийг хангаж байна. 

Үүнд Хятад, Энэтхэг зэрэг эрчим хүч хамгийн ихээр хэрэглэгч орнуудын хэрэглээ чухал нөлөө үзүүлж байна. Тухайлбал, БНХАУ-ын хувьд нүүрсээр ажилладаг цахилгаан станцынх нь тоо нэмэгдсэн ч нар, салхины эрчим хүчний хэрэглээгээ эрс нэмэгдүүлж байна. Мөн тус улсын цэвэр технологийн экспорт 2025 онд 200 тэрбум долларт хүрч, цахилгаан машин болон батарей үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж эхэллээ. Харин АНУ, Европын холбоо сэргээгдэх эрчим хүчний өсөлт удаан байгаа тул нүүрс, газрын тосны хэрэглээ нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. 

Түүнчлэн хөгжиж буй орнууд, тэр дундаа Африкт ч байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр нэмэгдсээр буй. Учир нь, нарны эрчим хүчний төхөөрөмж, технологийн өртөг буурч байгаа нь хүмүүсийн хэрэглээ, сонголтод нөлөөлж байгаа юм. Тухайлбал, Пакистан 2024 онд 17GW нарны панел импортолсон нь өмнөх оныхоос хоёр дахин их, улсын цахилгаан эрчим хүчний 1/3-ийг хангахуйц хүчин чадалтай нөөц болж байна. 

Эх сурвалж: BBC