Ган, цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын шийдвэр гаргагч үндсэн байгууллага болох Талуудын бага хурлын 17-р хуралдаан (COP17) -ыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-26-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэхүү хурлын зорилго нь газрын тогтвортой ашиглалтыг дэмжих, газрын нөөц болон экосистемийн нөхөн сэргээлтийг хөхиүлэн дэмжих, ТХЗ зорилт 15.1.3 Газрын доройтлыг тэглэх зорилтын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг улс орнуудад хэрэгжүүлэхэд дэмжлэг болохуйц шийдвэрүүдийг гаргахад оршино. 

Даян дэлхийн хүрээлэн буй орчинд тулгамдаж буй суурь гурван асуудлыг даван туулахад газар, түүний нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, зөв удирдан төлөвлөх газрын нэгдсэн бодлого чухал үүрэгтэйг Монгол Улс хүлээн зөвшөөрч, цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад идэвхтэй оролцож дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн. 

Олон улсын ач холбогдолтой тус арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах нь өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд гаргасан ололт амжилтыг онцолсны илэрхийлэл юм. 

Монгол Улс COP17 арга хэмжээг амжилттай зохион байгуулах нь эдийн засаг, дипломат харилцаа, байгаль орчин гээд олон талын үр өгөөжтэй. НҮБ-ын гишүүн 197 орны төлөөлөл манай улсад чуулахаас гадна Монголын байгаль хамгааллын манлайллыг дэлхий дахинд таниулна. Бид 12 өдрийн турш ган, газрын доройтол, цөлжилт зэрэг хүн төрөлхтөнд тулгамдаж буй нийтлэг сорилтыг хэлэлцэж, хэрэгжихүйц шийдвэр гаргахад идэвхтэй манлайлна” гэж Талуудын 17 дугаар бага хурлын Ажлын албаны дарга Д.Батмөнх онцлов.

 

Нийт 12 өдөр үргэлжлэх Талуудын бага хурал хөрсний эрүүл ахуй, бүтээмжит газар тариалан, бэлчээрийн тогтвортой удирдлага, гангийн нөлөөг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийг сахиулах зэрэг олон сэдвийг  хөндөн хэлэлцэх цогц агуулгатай арга хэмжээ юм. 

Энэ үеэр ус, газар, хүнс, байгальд ээлтэй дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх гэсэн сэдвээр тусгайлсан өдөрлөгүүд хийхээр төлөвлөсөн байна. 

Хуралдааны бүхий л арга хэмжээ НҮБ-ын албан ёсны зургаан хэл (араб, англи, франц, хятад, орос, испани)-ээс гадна монгол хэлээр үргэлжилнэ. Ингэснээр манай улсын иргэд хурлын үйл явцыг эх хэлээрээ хүлээн авах юм. Түүнчлэн тус хурлын зохион байгуулагчид олон нийтийн оролцоог хөхиүлэн дэмжин ажиллахаа мэдэгдэв. 

Талуудын 17-р бага хурлын үеэр Төрийн тэргүүдийн арга хэмжээ, Сайд нарын төвшний уулзалт хэлэлцүүлэг, Үндсэн хуралдаан, ажлын хэсгийн хуралдаанууд, сэдэвчилсэн тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү арга хэмжээнүүд нь хуралдааны үндсэн үйл ажиллагаанд тооцогддог. Түүнчлэн хурал хүлээн авагч улс орны үндэсний зорилго, зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах боломжийг хурлын үеэр бүрдүүлдэг. Ингэснээр энэ нь урт хугацааны хамтын ажиллагааны гүүр болдог юм. 

Хурлын үеэр манай улсын зүгээс олон улсын шинжтэй санаачилгыг танилцуулахаар бэлдэж байна. Тодруулбал, 2026 онд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрөөх “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-тэй нийцүүлэн дэлхийн бүх улсад нээлттэй байх “Бэлчээр-хээрийн тэргүүлэх санаачилга”-ыг нэрлэж болно.

Үүнээс гадна “Газар ба ус”, “Газрын эрхийг баталгаажуулах нь”, “Евроазийн гандуу бүсийн төв”, “Уул уурхай ба нөхөн сэргээлт”, “Уугуул болон нутгийн иргэдийн эрх, оролцоог сайжруулах” зэрэг олон сэдвийн хүрээнд төсөл, хөтөлбөрийн санал, санаачилгуудыг хэлэлцүүлэхээр боловсруулан ажиллаж байна.