Талуудын бага хурал гэж юу вэ

Ган, цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Конвенцын Талуудын бага хурал нь тус конвенцийн хэрэгжилтийг хангах, дэлхий нийтийн түвшинд бодлого тодорхойлох шийдвэр гаргагч цор ганц байгууллага юм. Энэ хуралд Конвенцыг соёрхон баталсан 197 гишүүн улс оролцож, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар хамтран ажиллах чиглэл, бодлого, арга хэмжээг хэлэлцэж шийдвэрлэдэг.

Конвенцын түүх ба ач холбогдол

Ган, цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенц нь 1992 онд Риод болсон “Тогтвортой хөгжил ба Байгаль орчин”-ы бага хурлын үр дүнд батлагдсан гурван үндсэн конвенцийн нэг юм. Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, Биологийн олон янз байдлын тухай конвенцийн хамт дэлхийн байгаль орчны бодлогыг тодорхойлж буй гол баримт бичиг хэмээгддэг. Энэхүү конвенц 1996 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улс мөн онд нэгдэн орсон.

Конвенц нь газар ашиглалт, хөрс хамгаалал, газрын нөөцийн доройтол зэрэг асуудлыг дэлхийн хэмжээнд хэлэлцэх цорын ганц олон улсын хэлэлцээр юм.

Талуудын бага хурал өмнө нь 

Энэхүү бага хурал анх 1997 онд Италийн Ром хотод болж, конвенцийн үндсэн дүрэм, бүтэц, чиг үүргийг баталснаар түүхээ эхэлжээ. Үүнээс хойш дэлхийн олон улс уг хурлыг дараах байдлаар зохион байгуулж ирсэн:

  • COP1 – 1997, Ром (Итали)
  • COP7 – 2005, Найроби (Кени)
  • COP13 – 2017, Ордос (БНХАУ)
  • COP15 – 2022, Абижан (Кот д’Ивуар)
  • COP16 – 2024, Эр-Риад (Саудын Араб)
  • COP17 – 2026, Улаанбаатар (Монгол) 

 

Хурлын оролцогчид 

Талуудын бага хуралд 197 гишүүн улсын төлөөлөл буюу газар, хөрс, байгаль орчны бодлого хариуцсан төрийн байгууллагуудын төлөөлөгчид, төр засгийн тэргүүн, сайд нар оролцоно. Мөн олон улсын байгууллагууд, санхүүгийн нэгтгэлүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн төлөөлөл өргөн хүрээнд нэгддэг.

Энэ нь зөвхөн төрийн төвшинд бус, дэлхийн шинжлэх ухаан, бодлого, нийгмийн бүх түвшний хамтын ажиллагааг хангасан чуулга уулзалт болдог.

COP17 – Улаанбаатарт 

2026 оны наймдугаар сарын 17–28-нд Улаанбаатар хотод болох Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан 12 өдрийн турш үргэлжилнэ. Энэхүү хурлын гол зорилго нь цөлжилт, газрын доройтол, гантай тэмцэх дэлхийн мэдлэг, шийдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.