СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулганыг  Монгол Улс ирэх оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна.  Энэхүү хуралд дэлхийн 100 гаруй улсын 8000 орчим төлөөлөгч оролцож, цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээрийн доройтол зэрэг хүн төрөлхтний өмнө тулгараад буй байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, хамтын шийдэл, бодит арга замыг эрэлхийлэх юм. Тэгвэл зохион байгуулагч улсын хувьд Монголд ирэх боломжуудын талаар онцолж байна. 

Монгол Улсын тэргүүлэгч байр суурийг илтгэнэ. Цөлжилттэй тэмцэх дэлхийн үйл хэрэгт манай улс идэвхтэй оролцож буйгаа харуулснаар Монголын нэр хүндийг олон улсад өргөж, аялал жуулчлал болон гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ.

Бодлого, менежментийн туршлага солилцоно. Байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, туршлагыг олон улсад таниулж, бусад улсын шилдэг арга барил, менежментийг суралцах боломж бүрдэнэ.

Шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг татна. Цөлжилт, газар болон бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлийн төсөл, хөтөлбөрүүд олон улсын анхааралд өртөж, шинэ хөрөнгө оруулалт, түншлэл, санхүүгийн дэмжлэг татах нөхцөлийг бүрдүүлнэ.

Шинжлэх ухаан, инновацын туршлага солилцоно. Хурал нь дэлхийн шинжлэх ухаан, инновацын дэвшлийг судлах, туршлага солилцох, байгаль орчныг хамгаалах орчин үеийн технологийг эх орондоо нэвтрүүлэх өргөн боломжийг олгоно.

Эдийн засгийг дэмжинэ. Гадаадын олон мянган төлөөлөгч Монголд ирснээр аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, тээвэр зэрэг салбарын идэвхжил нэмэгдэж, эдийн засагт бодит өсөлт авчирна.

Иргэдийн оролцоо, нийгмийн идэвхийг нэмэгдүүлнэ. Хурлын хүрээнд зохион байгуулагдах сайн дурын ажил, соёлын арга хэмжээ, нийгмийн кампанит ажлуудад иргэд оролцсоноор түр ажлын байр бий болж, нийгмийн оролцоо, идэвх сайжирна.