Зэд–Хантай–Бүтээлийн нуруу нь Монгол орны хойд хэсгийн хил дагуу орших дундаж уулын тайга, намаг бүхий бартаа ихтэй, онгон дагшин нутаг юм. Уул, ус, ой мод, нугат хээрийн экосистемийг бүрдүүлсэн энэхүү газар нь Өвөр Байгалийн дундаж уулсын үргэлжлэлд хамаарна. Газар нутгийн байгалийн баялагт ой мод, ан амьтан, цэвэр усны нөөц зонхилдог бөгөөд газрын ашиглалт бараг хийгдээгүй, экологийн хувьд унаган төрхөө хадгалсан газар юм.
Сүүлийн жилүүдэд тухайн бүсийн ой модыг огтлох, ойн түймэр, хортон шавьжийн халдвар, хууль бус ан агнуурын улмаас ан амьтдын тоо толгой цөөрөх, зарим зүйл устах аюулд хүрсэн тул УИХ-ын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаар тогтоолоор тус газрыг улсын тусгай хамгаалалтад авч, Дархан цаазат газар болгосон.
Байршил: Улаанбаатар хотоос баруун хойд чиглэлийн төв замаар Дархан, Орхон аймгаар дамжин 500 км-т Сэлэнгэ мөрний хөвөөнд байрладаг. Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутагт хамаарна.
Хэмжээ: Нийт 611,300 га талбайтай.