2025 оны 10 дугаар сарын 28–30-нд БНХАУ-ын Юньнань аймгийн Пүэр хотод “Ази, Номхон далайн ойн асуудлаарх хоёрдугаар Пүэр форум-2025” амжилттай зохион байгуулагдлаа. Форумд БНХАУ, Монгол улс, Вьетнам, Лоас, Камбож, Шри Ланк, Тайланд, Фижи, Индонез, Мьянмар, Узбекистан, Туркменистан зэрэг олон улсын төлөөлөгчид оролцож, тогтвортой ойн менежмент, инноваци, биологийн олон янз байдлын асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсаас БОУАӨЯ-ны сайдын зөвлөх С.Гантулга, МУИС-ийн Ойн хүрээлэнгийн захирал доктор Н.Баатарбилэг, Ойн газрын мэргэжилтэн Э.Болормаа нар оролцож, ойн бодлого, үйлдвэрлэл, биологийн олон янз байдлын хамгаалал зэрэг салбарын туршлагаа хуваалцав.
Монгол Улсын их сургуулийн Ойн хүрээлэнгийн захирал Н.Баатарбилэг форумын үеэр Монгол Улсын ойн бодлого, хууль эрх зүйн орчин, мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар илтгэл тавьж, Монгол Улсын ойн салбарын бодлогын шинэчлэл, тогтвортой менежментийн чиг хандлагыг танилцууллаа.
Мөн Монголын төлөөлөгчид ойн экосистемийг хамгаалах, эдийн засгийн өсөлттэй уялдуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.
Форумын үеэр оролцогчид ойн бодлогын инновац, зах зээлийн механизм, нүүрстөрөгчийн санхүүжилт, экологийн бүтээгдэхүүний үнэ цэнэ зэрэг олон сэдвийг хэлэлцэж, салбар–их сургууль–судалгааны хамтын яриа хэлэлцээний хүрээнд онол ба практикийг холбосон чухал алхам хийв.
Эх сурвалж: Ойн газар