Газар нутгийг тусгай хамгаалалтанд авах нь улс орны экологи, байгаль орчны эдийн засгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, тухайн газар нутаг дахь биологийн төрөл зүйл устаж үгүй болох аюулаас сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах, байгалийн нөөц, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, зөв зохистой ашиглах нөхцлийг хангах, тухайн орон нутгийн эдийн засгийг дэмжихийн зэрэгцээ нийт иргэд, олон нийт тухайн байгалийн унаган төрх, гоо үзэмж, ан амьдыг ажиглан харж, баясах, тэдгээрийн талаар уламжлалт ёс, заншил, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ой, усны сан бүхий газрыг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон экосистемд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан байдаг.

Монгол Улс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 онд баталж, түүнд байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсаж өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалах зорилгоор тодорхой нутаг дэвсгэрийг улсаас тусгай хамгаалалтад авах тухай заасан.

Уг хуулиар Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Байгалийн нөөц газар, Дурсгалт газар гэсэн 4 төрлийн газрыг тусгай хамгаалалттай газар нутаг гэж ангилсан байдаг. 2020 оны байдлаар Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын 34 захиргааны байгууллага нийт нутаг дэвсгэрийн 21 хувийг эзэлсэн 120 байршлын 32,8 сая га газар нутгийг хариуцан ажиллаж байна.

Ингэснээр Монгол орны ойн сангийн 40.2%, гол, горхи, булаг шанд, нуур, томоохон гол, мөрний урсац бүрэлдэх эх, гадаргын усны 50.0%, устах аюулд орсон болон устаж болзошгүй 300 гаруй амьтан, ургамлын зүйлийн үндсэн тархац нутаг, байгалийн үзэсгэлэнт газар, үндэсний түүх, соёлын үнэт өв бүхий газар нутгийн 80% орчим нь тус тус хамрагдсан. 2023 оны байдлаар аймаг, сумын ИТХ-ын шийдвэрээр 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 72.3 сая га (нийт нутаг дэвсгэрийн 46.2%) бүхий нийт 2902 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.

Эдгээр тусгай хамгаалалттай газар нутагт дэлхийд ховордсон 300 орчим зүйлийн амьтан, ургамал бүхий монгол орны ойн сангийн 70 орчим хувь, гол, мөрөн, горхи, нуур, цөөрөм, баянбүрд зэрэг 990 сая шоо км нөөц бүхий усан сан хамрагдаж, аялал жуулчлалын баазуудын 80 орчим хувь байрлаж, тэдгээрээр жилд 1 сая орчим гадаад, дотоодын жуулчид үйлчлүүлж, улсын төсвийн орлогод 2 их наяд гаруй төгрөгийг төвлөрүүлж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийг баталж, Монгол орны экологийн тэнцлийг хангахад онцгой ач холбогдол бүхий газар нутгийг хамарсан тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өөрийн орны өвөрмөц нөхцөл байдал болон олон улсын жишиг, хандлагад нийцүүлэн хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтоосон. 

Түүнчлэн дахин   давтагдашгүй   байгаль,   экологийн   үйл   явц,   нэн   ховор амьтдыг  ирээдүй  хойч  үедээ бүрэн бүтэн хамгаалан үлдээхийн  тулд  2030 он гэхэд газар  нутгийнхаа  30 хувийг  тусгай  хамгаалалтад  авах  “30х30” НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт, олон улсын уриалга, хүчин чармайлтыг дэмжих бодлогыг Монгол  Улсын  Засгийн  газар дэмжихээ илэрхийлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Монголчууд эрт дээр үеэс газар нутгаа шүтэн хамгаалж ирсэн арвин уламжлалтай, 1294 онд Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа зэрэг уул, усаа дархлан, тэдгээрт ан агнах, газар хөндөхийг цээрлэж байсан зэрэг нь дэлхий нийтэд анхлан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, онголон тахих ёсыг дэлгэрүүлсэн үйл болохыг олон судлаачид тэмдэглэсэн байдаг.

Дархан цаазат газрын тухай

Байгалийн бүсийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан шинжлэх ухаан, хүн төрөлхтний соёл иргэншлийн онцгой ач холбогдолтой газар нутгийг дархан цаазат газар нутаг хэмээн ангилж хамгаалдаг. Монгол Улсад 13.8 сая га газар нутгийг хамарсан 22 дархан цаазат газар байдаг.

Дархан цаазат газруудын хамгаалалт, ашиглалтын талаар төр, засгаас анхаарч байгаа ч тэдгээрийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагчдын орон тоо дутуу, зориулалтын техник хэрэгсэл хангалтгүй, шинэ арга барил, технологи нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал, хуваарилагдсан төсөв бага зэрэг асуудалд иргэд, олон нийтийн оролцоо, бусад дэмжлэгүүд туйлын их хэрэгтэй байдаг. Эдгээр дэмжлэгийг авахын тулд дархан цаазат газруудын хамгаалалт, ашиглалтын талаарх мэдээллийг зорилтот бүлэгт хүргэх, мэдээлэх, сурталчлах хэрэгцээ, шаардлага байна. Мэдээлэл сурталчилгааг идэвхжүүлснээр тэдгээр зорилтот бүлэгт нөлөөлөх, шаардлагатай дэмжлэгийг олох боломж нөхцөл бүрдэнэ.

Байгалийн цогцолборт газрын тухай

Байгалийн унаган төрхөө хадгалсан түүх, соёл, экологийн боловсрол, хүмүүжил, танин мэдэхүйн ач холбогдолтой, аялал жуулчлал хөгжүүлэх зорилго бүхий газар нутгийг байгалийн цогцолборт газар хэмээн ангилж хамгаалж байна. Монгол Улсад 13.5 сая га талбай бүхий 37 байгалийн цогцолборт газар байна.

Байгалийн нөөц газрын тухай

Байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 5.3 сая га талбай бүхий 48 газар нутгийг байгалийн нөөц газраар тогтоож, хамгаалж байна.

Дурсгалт газрын тухай

Байгалийн өвөрмөц тогтоцтой түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах зорилгоор 13 газар нутгийг хамгаалалтанд аваад байна.