Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Япон Улсын Байгаль орчны дэд сайд Кентаро Доитой уулзаж, хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Дэд сайд Кентаро Дои хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархахын зэрэгцээ цөлжилт, шар шороон шуурганы чиглэлээр идэвхтэй ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо.

Б.Батбаатар сайдын зүгээс хамтын ажиллагаанд шинээр нэмэгдэж буй говийн заг модыг нутагшуулах ажлыг давхар үр ашигтайг үнэлээд төсөл хэрэгжиж буй орон зайг тэлэхийг хүслээ. Улмаар даян дэлхийн байгаль орчны гурвалсан хямралыг уялдаатай хэрэгжилтээр хангахыг эрмэлзэж буйгаа илэрхийлэв. Үргэжлүүлэн, үндэсний хэмжээнд байгаль орчны хүний нөөцийг бэхжүүлэх, дахин сургах, чадавхжуулах хамтын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санаачлага гаргасанаа дурдаад Японы талыг дэмжин ажиллахыг хүслээ.

Дэд сайд Кентаро Доигийн зүгээс байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, дахин сургах чиглэлд дэмжлэг үзүүлэх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлыг зохион байгуулахад өөрийн нөөц боломжийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.