БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр өнөөдөр (2025.12.16) Япон Улсын Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчны менежментийн газрын Олон улсын хамтын ажиллагааны албаны дэд дарга Юми Ясуда, Ази дахь Агаарын бохирдлын судалгааны төвийн (ACAP) захирал Кэнъичи Сато нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Зүүн Хойд Азийн Цөлжилт, шороон шуурганы ажлын хэсгийн 18 дугаар уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Мөн Япон Улстай байгаль орчны салбарын хүний нөөцийн чадавхыг сайжруулах хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.

✅️Шар шороон шуурга экологийн орчинг сүйтгэн эвдэж, цөлжилтийг эрчимжүүлж, хүний амьдрал ахуй, улс орны тогтвортой хөгжилд томоохон эрсдэл бий болдог.

✅️Сүүлийн жилүүдэд үед уур амьсгалын өөрчлөлт, ургамал газрын бүрхэвчийн доройтол, газар ашиглалтын нөлөөгөөр шороон шуурганы эрчим, давтагдал улам нэмэгдэж байна.

✅️Монгол орон уур амьсгалын гандуу, хуурай бүс нутагт оршдог тул хур тунадас (жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ 202.1± 32.4 мм) ерөнхийдөө бага байдаг. Иймээс ган, хуурайшил, шороон шуурга тохиолдох нь элбэг байдаг.

✅️Хавар, намрын улиралд агаар мандлын өндрийн фронтын бүс дайран гарах үед хүчтэй салхи, шуурга тохиож тоос, шороог босгон, улмаар агаарын урсгалаар алсад зөөж, улс орон дамнасан шар шороон шуурганы гамшгийг (Зүүн Азийн шар шороон шуурга) бий болгодог.