Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар өнөөдөр /2025.12.17/ “Төрийн байгууллага дахь жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөр”-ийн төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Тус хөтөлбөрийг ECCOFARM болон Жендэрийн үндэсний хороотой хамтран хэрэгжүүлэх бөгөөд байгууллагын жендэрийн тэгш байдлын бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэх, олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдэх юм.
Жендэрийн тэгш байдлыг төрийн бодлого, үйлчилгээнд нэвтрүүлэх нь хүний эрхийн суурь зарчимтай нийцэж, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх чухал алхам юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг тул дасан зохицох бодлогыг жендэрийн мэдрэмжтэйгээр боловсруулах нь илүү үр дүнтэй. Эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь байгаль хамгааллын шийдвэр гаргалт, нөөцийн зохистой ашиглалтад бодит хувь нэмэр болно. Уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулахад тэгш оролцоог хангаж, тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэх нь ихээхэн чухал юм.
“Төрийн байгууллага дахь жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөр” нь 2027 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд жендэрийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дасан зохицох, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болж байна.
