БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНСУ-ын Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчны дэд сайд Ким Хан Сёнгтай уулзаж, уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилт, эрсдэлийн менежмент, цаг уурын тандалт ба мониторинг зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдэв.
Цаашид бүс нутагт давтамж ихсэж буй шар шороон шуурганы асуудлыг илүү системтэйгээр хамтран шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хоёр яамны хамтын ажиллагаа сэргээгдэх эрчим хүчээр нэмэгдэх боломжтой болж байгаад олзуурхаж байгаагаа илэрхийлээд 2023 онд Засгийн газар хооронд байгуулсан Уур амьсгалын асуудлаарх хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дотоодын бэлтгэлээ хангаж буй тул ойрын хугацаанд тодорхой ажлуудыг эхлүүлэхийг санал болголоо.
Монголын талаас салбарын хүний нөөцийн асуудлыг анхаарч ажиллахаар санаачлага гаргаад байгаа тухай мэдээлэл болон дэмжин ажиллахыг хүссэн хүсэлтийн дагуу Солонгосын тал хөгжиж буй орнуудад чиглэсэн төсөл, сургалтын хөтөлбөрийн хүрээнд Монголын байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургалт, солилцоог нэмэгдүүлэхээ мэдэгдэв.