НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы хүрээнд 80 орчим улсын сайд, дэд сайд нар оролцож буй энэ үеийг ашиглан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын Ерөнхийлөгч, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар “Гангийн асуудлаарх албан бус дээд хэмжээний уулзалтыг” зохион байгууллаа.

Уг уулзалтаар олон жилийн турш хэлэлцэгдсэн боловч нэгдсэн зөвшилцөлд хүрээгүй ган, гангийн менежментийн асуудлыг цаашид урагшлуулах, улс орнуудын байр суурийг ойртуулах шаардлагыг онцлон хэлэлцэв. Арга хэмжээнд оролцсон сайд нар 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Талуудын 17 дугаар бага хурлыг уг асуудлаар ахиц гаргах, түүхэн шийдвэр гаргах боломж гэж үзэж байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотноо цуглан шийдвэр гаргах, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар уулзалтын үеэр манай Засгийн газраас ган, цөлжилт, газрын доройтлын чиглэлд баримталж буй тэргүүлэх зорилтуудыг танилцуулж, байр суурь зөрүүтэй улс орнуудын дунд уялдаа, урьдчилсан зөвшилцөл бий болгох яриа хэлэлцээнд идэвхтэй оролцохоо нотлон мэдэгдэв.

Тэрбээр мөн Талуудын 17 дугаар бага хурлыг бүх талын оролцоог хангаж, бодит үр дүнтэй, дэлхий нийтэд ач холбогдолтой шийдвэрүүдэд хүрэх зорилготойгоор Монгол Улс бэлтгэл ажлаа эрчимжүүлж буйг онцлон тэмдэглэв.