Бичил хуванцар буюу микропластик гэдэг нь 5 мм-ээс бага хэмжээтэй хуванцар хэсгүүдийг хэлдэг. Энэ нь байгальд амархан задралгүй, хэдэн зуун жилийн турш оршиж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Бичил хуванцрын тухай бидний мэдэх ёстой баримтуудыг хүргэж байна.
Хаа сайгүй бий
Бичил хуванцар хүний нүдэнд харагдахгүй ч бидний өдөр тутмын амьдралд аль хэдийн гүн нэвтэрчээ. Бичил хуванцрыг анхдагч ба хоёрдогч гэж хоёр ангилдаг. Анхдагч бичил хуванцар нь гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас болон загас агнуурын тор зэрэг нэхмэл эдлэлээс гардаг микро ширхэгүүдээс үүсдэг. Харин хоёрдогч бичил хуванцар нь том хэмжээтэй хуванцар эд зүйлс нарны гэрэл, долгион, халууны нөлөөгөөр задарснаар бий болдог.
Бид бичил хуванцар “хэрэглэдэг”
Судалгаагаар хүн бүр жилд дунджаар 5 грамм бичил хуванцар буюу ойролцоогоор кредит картны жинтэй тэнцэх хэмжээний хуванцрыг “хэрэглэдэг” гэсэн тоо бий. Энэ нь мах, өндөг, сүүн бүтээгдэхүүн, жимс, ногоо, гурил, зөгийн бал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд байдаг. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын хоол хүнс, унд, агаараар дамжин жижиг хэсгүүд тасралтгүй биед орж буй нь энэ.
Байгаль орчны бохирдлын эх үүсвэр
Бичил хуванцар нь хөрс, усаар дамжин орчныг бохирдуулж, ургамал, амьтан, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Бидний хуванцрын хэрэглээ өсөх тусам бичил хуванцар илүү өргөн тархаж, байгаль бохируулна.
Хуванцрын үйлдвэрлэл тасралтгүй өссөөр байна
Дэлхийн хуванцар үйлдвэрлэл 1950 онд ердөө 2 сая тонн байсан бол 2022 онд 400 сая тоннд хүрсэн гэж Олон улсын хуванцар үйлдвэрлэлийн холбоо мэдээлсэн. Үүний тодорхой хэсэг нь бичил хуванцар болж байгальд тархаж байна. Хэрвээ одоогийн хурдтай үргэлжилбэл 2050 он гэхэд далайд загаснаас илүү хуванцар байх эрсдэлтэй гэсэн тооцоо ч бий.