Пластик буюу хуванцрын хэт хэрэглээнээс үүдсэн эрүүл мэндийн эрсдэл, өвчлөл ноцтой хэмжээнд хүрээд байгааг анагаах ухааны “The Lancet” нийтлэгдсэн судалгаанд онцолжээ. Судалгаанаас үзэхэд, “Хуванцрын хямрал” хэмээх энэхүү үзэгдэл дэлхий нийтэд жил бүр 1.5 их наяд ам.долларын хохирол учруулж байна.

1950 оноос хойш өдийг хүртэл хуванцрын үйлдвэрлэл 200 дахин өссөн бөгөөд 2060 он гэхэд жилд нэг тэрбум тонн давж, өөрөөр хэлбэл одоогийнхоос бараг гурав дахин нэмэгдэх хандлагатай байгаа юм. Эдгээр хуванцрын дийлэнхийг нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүн буюу ундааны сав, түргэн хоолны сав, баглаа эзэлдэг бөгөөд үүний ердөө 10 хувийг л дахин боловсруулдаг. Үүний дүнд дэлхий даяар жилд найман тэрбум тонн хуванцар хуримтлагдаж, Эверестийн оргилоос эхлээд далайн хамгийн гүн цэг хүртэл тархан, орчныг бохирдуулж байна. 

Гэтэл хуванцар нь үйлдвэрлэл, хэрэглээ, хаягдал болох гээд бүх л үе шатандаа хүний биед ч,  байгаль орчинд ч хорт нөлөө үзүүлдэг. Тухайлбал, агаар, ус, хөрсийг бохирдуулах, халдвар тархах нөхцөл бүрдүүлэх, бичил хэлбэрээр хүний биед нэвтрэх, харшил үүсгэх зэрэг сөрөг үр дагавартайг тайланд дурджээ.

Одоогоор 100 гаруй улс хуванцрын үйлдвэрлэлд хязгаар тогтоохыг дэмжиж байгаа бөгөөд мөн нефть олборлогч орнууд болон хуванцрын үйлдвэрүүд үйлдвэрлэлээ бууруулахын оронд дахин боловсруулалтад анхаарлаа хандуулахыг уриалж буй. Гэвч хуванцар нь цаас, шил, төмөр зэрэгтэй харьцуулахад химийн хувьд хэт нарийн бүтэцтэй тул дахин боловсруулахад хүндрэлтэй байдаг аж.

Эх сурвалж: The Guardian