Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Ази тивийн улс орнуудыг сүүлийн жилүүдэд урьд байгаагүй хүчтэйгээр нөмөрч, асар их хохирол учруулж байна.
Дэлхийн Цаг уурын байгууллагын (WMO) мэдээлснээр Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байгаа бөгөөд зөвхөн сүүлийн 30 жилд хэт халуун, ган гачиг, үерийн улмаас нийт хоёр их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учирчээ.
Энэ жилийн хувьд Япон, Өмнөд Солонгост олон жилийн дунджаас илүү халжээ. Тухайлбал, Японы Гүнма мужийн Исэсаки хотод 41.8°C хүрч халсан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд зургаа, долоодугаар сард ч олон жилийн дунджаас давсан халуун үргэлжилсэн байна. Мөн Өмнөд Солонгост энэ жилийн халууны улирал удаан үргэлжилж, 22 өдөр дараалан шөнөөр 25°C-аас дээш халалт бүртгэгдэв. Вьетнамын нийслэл Ханойд наймдугаар сарын эхээр 40°C-с давсан халуун бүртгэгдсэн нь түүхэндээ анх удаа болжээ.
Хэт халалттай зэрэгцэн Ази тивийн олон оронд үерийн гамшиг давхар нүүрлэлээ. Энэ зун Хятадын өмнөд болон хойд мужуудад хүчтэй аадар бороо орсны улмаас олон хүн амь үрэгдэж, зөвхөн Бээжингийн ахмадын асрамжийн газарт гэхэд 31 хүн нас баржээ. Мөн Энэтхэгийн Уттаракханд мужид гэнэтийн аадар борооны улмаас шар усны үер бууж, 100 гаруй хүн сураггүй болсон бол зэргэлдээ Пакистанд хоёр сарын хугацаанд аадар бороо, үерийн улмаас 300 орчим хүн (тэдний дунд 100 гаруй хүүхэд) амиа алдсан байна.
Ийнхүү уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, үер зэрэг гамшиг нь хүний амь нас, эрүүл мэндээс гадна эдийн засаг, байгаль орчинд асар их хохирол учруулсаар байгаа нь бүс нутгийн ирээдүйд ноцтой эрсдэл дагуулж болзошгүйг судлаачид анхааруулсаар байна.
Эх сурвалж: BBC