Хүн төрөлхтөний өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгалийн гамшгийн давтамжийг бууруулахын тулд хүлэмжийн хийн ялгарлыг тэгт хүргэх нь бидний зорилго. Net Zero буюу нүүрсхүчлийн хийг ялгарлыг тэглэх нь уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн хүнд үр дагаврыг зогсоох, дэлхийг ирээдүйд амьдрахад тохиромжтой хэвээр үлдээх цорын ганц гарц юм. Энэхүү ойлголтын тухай таны мэдэх ёстой таван баримтыг хүргэж байна.
Том сорилт
Хүлэмжийн хийн ялгарлыг тэглэнэ гэдэг үйлдвэрлэл, хэрэглээ, тээвэрлэлт гээд бидний амьдралын бүхий л хэв маягийг өөрчлөх шаардлагатай тул амар хэрэг биш. Гэвч боломжгүй гэсэн бас үг биш. Хүлэмжийн хийн 75 орчим хувийг дангаар “үйлдвэрлэдэг” эрчим хүчний салбарт нүүрс, хий, нефтийг сэргээгдэх эх үүсвэрээр орлуулах том дэвшил гарна гэж эрдэмтэд үзэж буй. Салхи, нарны эрчим хүч тэгэхээр зөвхөн боломжит хувилбар биш, харин зайлшгүй сонголт болоод байна.
70 гаруй улс
2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх зорилгоо дэлхийн 70 гаруй орон зарлаад буй. Үүний дунд Хятад, АНУ, Европын Холбоо зэрэг хүлэмжийн хийн хамгийн том “үйлдвэрлэгчид” ч багтана. Нийт ялгарлын 76 хувийг хамарч байгаа энэ зорилгод хүрэхэд 1200 гаруй компани, 1000 орчим хот, 400 гаруй банк, хөрөнгө оруулагч нэгдээд байна.
Урвуу тоо
Гэвч энэ төлөвлөгөө хэрэгжихэд илүү их хүчин чармайлт хэрэгтэйг тоонууд харуулж буй. НҮБ-ын тооцоолсноор, өнөөгийн байдлаар хүлэмжийн хий ялгаруулсаар байвал 2030 он гэхэд энэ үзүүлэлт 2010 оныхоос даруй 11 хувиар нэмэгдэх эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, бид бууруулахын оронд өсгөсөөр байгаа гэсэн үг.
Хариуцлага, бас дахин хариуцлага
Дээр дурдсанчлан, дэлхий даяар ялгарч буй нүүрсхүчлийн хийн дийлэнх хэсгийг цөөн улс ялгаруулдаг. Өөрөөр хэлбэл, Хятад, АНУ, Энэтхэг, Европын Холбоо, Индонез, Орос, Бразил нь нийт хийн талыг ялгаруулж байна. Тэгэхээр эдгээр улс орнууд хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй бол бусад улс орнуудын хүчин зүтгэл төдий л амжилт олохгүй гэсэн үг.
Бидэнд үлдсэн боломж
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “Бид нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх бүх амлалтыг бүх нийтийн хөдөлгөөн болгон хувиргах ёстой” хэмээн онцолсон. Товчхондоо энэ бол улс орон бүр, компани бүр, иргэн бүрийн оролцоог шаардах зорилт юм.